Мэдээ
Эмэгтэйн судлын өвчнийг эмчлүүлэлгүй архагшуулвал хий бүрэлдэх өвчин болдог
Б.Батцэцэг
Уламжлалт анагаах ухааны тасгийн эрхлэгч, УАУ-ны магистр, УАУ-ны ахлах зэргийн их эмч
-Эмэгтэйчүүдийн эмгэг өвчин гэж юу вэ?
-Эмэгтэйчүүд бие махбодийн онцлогоос үүдэн эр хүйсийн хүмүүст тохиолдохгүй онцлог өвчин эмгэгүүдэд өртөх нь бий. Үүнийг бид эмэгтэйчүүдийн эмгэг өвчин гэж нэрийдэн ярьдаг. Уламжлалт анагаах ухаанд эмэгтэйн өвчнийг ерөнхийлөн доорх таван ангилал буюу,
-Эм бэлгэсийн өвчин /бэлгийн замын өвчин/
-Судлын өвчин /эмэгтэйчүүдийн өвчин/
-Эмэгтэйн бэтэг /миома, уйланхай гэх.мэт/
-Хорхойн өвчин
-Эгэл өвчин /жирэмслэлт, төрөлттэй холбоотой хүндэрлүүд/ гэж, нарийвчлан 40 өвчинд ангилан үзсэн байдаг.
-Эдгээрийн дотроос монголчуудад аль нь илүү зонхилж байна вэ?
-Судлын 16 төрлийн өвчин байдаг. Тэр дотроос энэ өвчнөөр оношлогдсон нийт эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолдож байгаа өвчлөлүүдийн тухай тодорхой мэдээлэл өгье. Судлын өвчин гэдэг нь эмэгтэйчүүдийн сарын тэмдэгийн үйл ажиллагаа, төрөлтийн дараах гам алдах, үр хөндөлт зулбалт зэрэг шалтгаанаас үүдэн эхэн үедээ халуун өвчний мөн чанартай ЦУС БҮРЭЛДЭХ өвчин үүсэх ба эмчлүүлэлгүй архагшуулвал ХИЙ БҮРЭЛДЭХ өвчин болж, умайн судлаар өвчин сарнин бусад эрхтэндээ нөлөөлөн өвчлүүлэхийг хэлдэг.
Яагаад заавал энэ өвчнийг онцлоод байна вэ гэхээр энэ өвчнөөр өвдсөн эмэгтэйчүүд маань өөрийнхөө яг ямар эд эрхтэн өвчилчихөөд байгааг төдийлөн сайн ойлгохгүй, зөв оношлуулж чадахгүй яваад байдаг. Учир нь энэ өвчний үед зүрх, бөөр ходоод, толгой зэрэг нь яалт ч үгүй өвдөөд зовиурлаад байдаг хэрнээ лабораторийн шинжилгээ, эхо, зүрхний бичлэг гээд бусад шинжилгээнд төдийлөн өөрчлөлт илрээд байдаггүй талтай. Үүний улмаас эмэгтэйчүүд маань оношлуулж зөв эмчилгээгээ авч чадалгүй цаг хугацаа алдаж өвчнөө архагшуулж хүндрүүлэхгүй тулд зохих мэдлэгтэй байх хэрэгтэй.
-Энэ өвчний үед ямар шинж тэмдэг илэрдэг бол. Энэ өвчнөөр өвчилснөө тухайн хүн хэрхэн мэдэх боломжтой вэ?
-Эмэгтэйн бүрэлдсэн өвчний үед хэд хэдэн ерөнхий шинж тэмдэг илэрдэг. Эдгээр нь:
Цус бүрэлдсэн өвчний шинж тэмдэг:
-Бэлхүүс, шээсний сүвээс дооших яснууд шархирах
-Хэвлийн доод хэсгээр халуу оргих
-Сээр нуруу, өрцөөр хатгуулах
-Судаснууд халуу оргиж булхалзах
-Нясуу, жижиг гөвдрүүнүүд гарах
-Умайн цус цувирах юмуу эсвэл хуйларч, идээ өнгөртэй болох
Хий бүрэлдсэн өвчний шинж тэмдэг:
-Яс, үесүүд шархиран өвдөх
-Зүрх дэлсэх
-Толгой эргэх, өвдөх
-Толгойн яс хүйтэн оргих
-Бүх бие даарч, мах арьсны завсраар өвдөх
-Бүх биеийн мах сэлхэрч хөөж, бадайрах
-Нүд бүрэлзэх
-Их мартамхай болох
-Шээсний сүв, хэвлийн доод хэсгээр боогдон, дусал /цагаан юм/ цувирах
-Сарын тэмдэг тасрахгүй, үргэлж гарах
-Энэ өвчнийг эмчлүүлэхгүй, тоохгүй орхивол ямар муу үр дагавартай бол?
-Эмэгтэйн судлын өвчнийг эрт үед нь оношлуулан эмчлүүлэлгүй орхисноос үүдэн архагшин хий бүрэлдэх өвчин болгох нь элбэг тохиолддогоос гадна илрэх шинж тэмдэг нь ямар эрхтэнд өвчин сарниснаас (сарних гэдэг нь умай савны ямарч өвчин болсон хий нь бусад эд эрхтэн рүү судсаар дамжин тухайн эд эрхтэнтэй хавсарсан эмгэг үүсгэх) хамааран өөр өөр шинж тэмдэг илэрдэг тул эмэгтэйчүүд маань өвчнөө оношлуулж чадалгүй хугацаа алдан эцсийн шатны эдгэрэшгүй хүндрэлд хүргэх ч байна.
Хий бүрэлдэх өвчин нь:
-Толгойд бүрэлдсэн
-Ясанд хий бүрэлдсэн
-Зүрхэнд хий бүрэлдсэн
-Бөөрөнд хий бүрэлдсэн
-Ходоодонд хий бүрэлдсэн
-Гэдэсний хий бүрэлдсэн гэсэн 6 ангилалтай боловч ихэвчлэн зүрх, толгой, бөөртэй хавсрах нь элбэг байна.
Хий бүрэлдсэн өвчний дээрх ангиллуудаас хамгийн хоруу эдгэрэшгүй хүндрэлд хүргэдэг хэлбэр нь зүрхэнд хий бүрэлдсэн өвчин юм. Илрэх шинж тэмдэг нь дээр дурьсан ерөнхий шинж тэмдгүүдээс гадна ой тогтоолт санамж илт муудах, толгой эргэх, чих шуугих, ухаан алдах, өвчин бүр хүндэрвээс насан туршдаа үргүй болох, сэтгэцэд нөлөөлөн солиорох хүртэл шинж тэмдэг илэрнэ.
-Эдгээр өвчний үед ямар эмчилгээ хийдэг вэ?
-Өвчний шинж тэмдэг, хэр удаан өвдсөн, хэрхэн оношлогдсон зэргээс шалтгаалан эмчилгээ харилцан адилгүй хийгддэг.
Хий бүрэлдсэн өвчний эмчилгээнд
Уг өвчнийг нөхцөлдүүлсэн хугацаа урт, явц удаан мөн 2-3 эрхтэн системийг хавсран өвчлүүлсэн байдаг тул эмчилгээний хугацаа төдий чинээ харьцангуй урт байна. Гэвч бүсгүйчүүд маань эмчилгээний хугацаанаас болж шантран бүрэн эмчлүүлэхгүй орхивоос амархан дахин хүндэрч эцсийн шатны хүндрэл өгөх мөн үргүйдэл хүртэл үүсэх өндөр магадлалтай учир эмчилгээг тууштай хийлгэх хэрэгтэй.
Эмчилгээ нь эмийн эмчилгээ, засал эмчилгээг хавсарган хийгдэхийн зэрэгцээ хоол унд, явдал мөр буюу өдөр тутмын амьдралын хэвшилдээ анхаарах хэрэгтэй. Эмийн эмчилгээний үндсэн зарчим нь эмэгтэйчүүдийн өвчлөлөө барихаас гадна ямар эд эрхтэнтэй хавсран өвчилснөөс шалтгаалан хавсрах эмийг тогтооно.
Хий бүрэлдсэн өвчний засал эмчилгээнд шимжүүлэг (зөөлөн шимт буюу шулуун гэдсэнд эмт найрлагаар хийгдэх эмчилгээ), янжууран болон монгол төөнө, тосон болон зөөлөн бариа засал, ясны шөлөн ванн, бүлээн жин засал, готол засал (хязаалан хонины толгойг эмт бодисоор хачирлан битүү чанаж уураар нь утах болон шөлийг нь уулгах, ясаар нь жигнэх засал) зэрэг эмчилгээнүүдийг тухайн хүний бие махбодийн онцлог, өвчний явцтай уялдуулан хийнэ.
-Эмчилгээ хийлгэж байх явцад болон дараа нь юуг анхаарах нь зүйтэй вэ, гам хийх үү?
-Ямар ч төрлийн өвчний үед эмчийн өгсөн зааврыг дагаж, гам хийх нь тухайн өвчний эдгэрэлтийг хурдасгаж, дахин өвчлөхгүй байх магадлалыг дээшлүүлж өгдөг. Иймд зөвхөн эмчлүүлээд орхих биш, өвчтөнүүд өөртөө анхаарал халамж тавьж, гам сахих нь чухал байдаг.
Хий бүрэлдсэн өвчний эмчилгээний дараа хоол ундандаа бүлээн, шимтэй идээ унд голлон хэрэглэнэ.
Харин өдөр тутмын амьдралын хэвшилдээ дараах зүйлсийг чанд баримтлах нь зүйтэй. Үүнд:
-Доороосоо даарч хөрөхгүй байх
-Өтгөн шингэнээ удаан хорьж барихгүй байх
-Сэтгэл санаагаа тайван байлгах
-Намуун тогтуун дулаан орчинд байх
-Бэлгийн харьцааг хэтрүүлэхгүй байх хэрэгтэй
Эрүүл энхийг хүсэн ерөөе