Мэдээ
Бөөрний түүдгэнцэрийн архаг үрэвсэл нь бөөрний архаг дутагдлын гол шалтгаан болдог
Д.Отгонцэцэг
Дотор, бөөр гемодиализын ахлах зэргийн их эмч
- Бөөрний архаг дутагдлын тухай ?
-Тэгэхээр бөөрний архаг дутагдал (БАД) гэдэг нь бүтэц, vйл ажиллагааны алдагдлаас үүссэн эмнэлзүй лабораторийн хам шинжээр илэрдэг өвчин юм. БАД-ийн эхний үед шинж тэмдэг илэрдэггүй ихэвчлэн лабораторийн шинжилгээгээр оношлогддог.
БАД-ийн 2,3-р шатнаас дотор муухайрах, бөөлжис хүрэх, хооолонд дургүй болох, бие сульдах, амархан ядрах зэрэг хордлогын шинж илэрнэ. Шээсний талаас шээсний хэмжээ их болох, тогтмол шөнө шээх, шээс өнгөгүй усархаг болдог. Мөн хожуу үед цус багадлын шинжүүд болон шээсний гарц эрс багасснаар цусанд азотын үлдэгдэл бодисууд ихсэж олон эрхтэн системийн өөрчлөлтөөр илэрдэг өвчин юм.
-Бөөрний архаг дутагдалд оруулах гол шалтгаанууд?
-Манай оронд бөөрний түүдгэнцэрийн архаг үрэвсэл (гломерулонефрит) нь бөөрний архаг дутагдалд орох гол шалтгааны 70-80%-ийг эзэлж байна. Сүүлийн жилүүдэд чихрийн шижин, даралт ихсэх өвчний хүндрэлээр бөөрний дутагдалд орох нь нэмэгдэж байна.
-Манай иргэдийн дунд бөөрний архаг дутагдалд орвол эдгэхэд хэцүү гэсэн ойлголт байдаг?
-Бөөрний архаг дутагдал нь өвчний төгсгөл учраас шалтгаан болох өвчнийг аль болох эрт оношилж эмчилж урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Бөөрний архаг дутагдлын эхний үед дэглэм, эмийн эмчилгээ, хожуу буюу төгсгөлийн шатанд гемодиализ, бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ хийгдэнэ.
-Бөөрний архаг дутагдалд оруулж байгаа бөөрний түүдгэнцэрийн архаг үрэвсэл өвчний талаар товч хэлэхэд?
-Бөөрний түүдгэнцэрийн архаг үрэвсэл буюу (гломерулонефрит) нь хоёр бөөрний судасыг гэмтээдэг, даамжрах явцтай өвчин бөгөөд гол шалтгаан нь шүд, хоолойг эмчлүүлээгүй удаан явснаас тодорхой нөхцөл нь бүрдэж өвчилж байна. Иймээс шүд, хоолой эрүүл байна гэдэг нь энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд нилээд ач холбогдолтой юм.
-Туйплин эмчилгээний тухайд?
-Манай эмнэлэг уламжлалт анагаах ухааны эмчилгээ болох Туйплин эмчилгээг бөөрний түүдгэнцэрийн үрэвсэл (гломерулонефрит), бөөрний завсрын эдийн эмгэгийн үед, үе мөчний үрэвсэл, холбох эдийн эмгэгийн үед хийдэг. Туйплин засал эмчилгээг 2001 оноос бөөрний түүдгэнцэрийн үрэвслийн эмчилгээнд хийж ирсэн. Судалгаагаар туйплин нь хордлого тайлах, холестрины хэмжээг бууруулах, цусны бичил эргэлтийг сайжруулах үйлчилгээтэй нь тогтоогдсон. 2004-2009 онд туйплин эмчилгээ хийлгэсэн түүдгэнцрийн архаг үрэвсэлтэй хүмүүсийн дунд судалгаа хийхэд түүдгэнцэрийн архаг үрэвслээс бөөрний архаг дутагдалд орох хугацаа нь харьцангуй уртасч байгаа нь харагдаж байсан.
-Бөөрний өвчний үед ямар шинжилгээнүүдийг өгөх ёстой вэ?
-Бөөрний өвчин дотроо олон янз, тиймээс дур мэдэн эмчилгээ хийлгэхгүйгээр жилд 1-2 удаа бөөрний эмчид үзүүлж шинжилгээ өгч эмчлүүлэх нь зүйтэй.
Эрүүл байх нь амжилтын үндэс, Та бүхэнд эрүүл энхийг хүсье.